"Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас автозамын боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх ажилд үнэлэлт өгөх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Эрээн боомтоор чингэлэг тээвэр хийх туршилтыг 2 үе шаттай явуулж, ӨМӨЗО-оос ирсэн шалгалтын баг үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, тээвэрлэлтийн явцтай танилцжээ" гэж ГХЯ-наас мэдээллээ.
Эрээн боомтын Хуан Юй гаалийн баталгаат талбайд бараа бүтээгдэхүүн хэвийн нэвтэрч байна. Харин талбайд нэвтрэх жолооч, бусад ажилтнууд 48 цагийн дотор хийлгэсэн ПГУ шинжилгээний хариутай байх шаардлагатай талаар Эрээн хотын Шуурхай штабаас мэдэгджээ.
Мөн, энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд “Хуан Юй ложистикс” талбайн гадна байгаа том оврын ачааг 3 хоногийн хугацаанд талбайд нэвтрүүлэхийг зөвшөөрч, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Хятадын тал 20-ны өдрөөс Эрээнд гацсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажлыг эхлүүлж, 20-ны өдөр ачаатай 61 машин, 38 импортын шинэ автомашин, механизм, нийт 99 тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт тээвэрлэн хүргэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.