БНХАУ-ын “Шинжан шинфа” компаниас мөнгө гаргуулах шийдвэр Улсын дээд шүүх өнгөрсөн баасан гарагт гаргалаа.
Энэ нь Төрийн банкны удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж, БНХАУ-ын “Шинжан шинфа” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон хэргээс улбаатай, төрд учирсан хохирол гэж ч хэлж болох нь. Тус банкныхан өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай дээрх компанид 20 тэрбум төгрөг зээлүүлснийхээ хүү болон өөр төсөл хөтөлбөр санхүүжүүлснээр олох ёстой орлого болох 15.9 тэрбум төгрөг нэхэмжилсэн юм. Төрийн банкнаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжан шинфа” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт дээрх мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэл бичсэн байдаг. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх уг банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангалгүй хэрэгсэхгүй болгосон юм. Уг хэрэгт прокурорын байгууллагынхан төр, нийтийн эрх ашгийг хамгаалах эрхээ хэрэгжүүлж оролцож, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хамт хяналтын шатанд гомдол гаргаснаар ашигтай шийдвэр гаргуулж чадсан байна. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хаалттай хэлэлцсэн хурлаас анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, “Шинжан шинфа” ХХК-иас нэхэмжилсэн 15.9 тэрбум төгрөгөөс зарим хэсгийг нь буюу есөн тэрбум 856 сая төгрөг гаргуулж, Төрийн банканд олгуулахаар боллоо.
Төрийн банкны ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфа” компани, түүний захирал Сун Гуан Чинд 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон байдаг. Эргэн төлөгдөх хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан ч тус компани зээлээ төлөөгүй. Уг зээлийг олгохдоо Д.Баярсайхан Банкны тухай болон өөр нэг бус хууль зөрчсөн гэм буруутайд тооцсон. Тус банкнаас зээл авсан “Шинжан шинфа” ХХК-ийн захирал Сун Гуан Чин Төрийн банканд учруулсан хохирол болох 20 тэрбум төгрөгөө хүүгийн хамт 2019 онд төлсөн байдаг. Гэвч арилжааны банкны шинэ удирдлага нь 20 тэрбумаар өөр төсөл, арга хэмжээ санхүүжүүлсэн бол 15.9 тэрбум төгрөг олох ёстой байсан хэмээн нэхэмжлэл гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.