Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуульд Бээжинг дэмжигч нэр дэвшигчид олонхийн ялалт байгуулжээ. Гэвч энэ удаагийн сонгууль нь тус хотын түүхэн дэх хамгийн бага ирцтэй сонгууль болсон юм.
Энэ нь БНХАУ Хонконгийн сонгуулийн тогтолцоонд томоохон өөрчлөлт хийснээс хойших анхны Хууль тогтоох зөвлөлийн сонгууль билээ. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд, "Эх орончдын" тогтоолыг баталж, Бээжингийн эрх баригчдад Хонконгийн бүх нэр дэвшигчийг шалгаж, үнэлэх эрх олгосон аж. Уг арга хэмжээ нь тогтвортой байдлыг авчрахад шаардлагатай гэж албаныхан мэдэгдсэн хэдий ч тус тогтоолын улмаас хотын ардчилал суларсан гэж идэвхтнүүд үзэж байна.
Хонконгийн мини Парламент болох Хууль тогтоох зөвлөл нь хотын бүх хуулийг баталж, нэмэлт өөрчлөлт оруулдаг хүчирхэг байгууллага юм. Тэгвэл энэхүү зөвлөлийн нийт 90 суудлын ердөө 20-ыг нь олон нийт сонгосон байна. Бээжинг дэмжигч Сонгуулийн хороо 40 суудлыг сонгосон бол 30-ыг нь бизнес, худалдаа зэрэг тусгай ашиг сонирхлын бүлгүүд сонгосон бөгөөд эдгээр нь мөн Бээжинг дэмжих хандлагатай байдаг билээ.
Өнгөрөгч ням гарагт болж өнгөрсөн сонгуулийн санал асуулгад нийт сонгогчдын дөнгөж 30.2 хувь нь оролцсон гэж албаныхан мэдээлжээ. Ихэнх иргэд өөрсдийн саналыг ямар ч хүчгүй гэж үзэн, санал өгөхөөс татгалзаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Түүнчлэн зарим идэвхтэн ард иргэдийг сонгуулийг бойкотлох эсвэл саналын хуудсаа хоосон орхихыг уриалсан гэнэ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
улаан луйвар болсон гэсэн