Пакистаны өмнөд хэсгийн Карачи хотын нэгэн банканд дэлбэрэлт болсны улмаас багадаа 14 хүн амь үрэгджээ.
Дэлбэрэлтийн улмаас мөн олон арван хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэднийг эмнэлэгт хүргээд байгаа аж. Энэхүү осол нь бохирын хоолойноос хий алдагдсанаас болсон гэж албаныхан таамаглаж байна.
Гэрчүүдийн мэдээлснээр, олон хүн барилгын нурангид дарагдсан учир амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй юм. Ослын дараах нөхцөл байдлыг бичсэн бичлэгүүдээс харахад, банкны цонх, хаалганууд хол шидэгдэн, ойролцоох автомашинууд эвдэрч, гудамж талбай бичиг баримтаар дүүрсэн байжээ.
Орон нутгийн Цагдаагийн офицер Сарфараз Наваз албан ёсны мэдэгдэлдээ "Манай тэсрэх бөмбөгийн баг дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа. Уг байгууламж нь ус зайлуулах хоолой дээр баригдсан байсан бөгөөд хий алдагдсан байж магадгүй" хэмээн тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.