Филиппиний өмнөд хэсгийг "Рай" супер хар салхи дайрсны улмаас багадаа 208 хүн амиа алдсан гэж орон нутгийн цагдаа нар мэдээлжээ. Түүнчлэн 239 хүн шархдаж, 52 хүн сураггүй алга болоод байгаа аж.
Энэхүү хар салхины улмаас 300 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд одоог хүртэл олон мянган цэрэг, эргийн хамгаалалт, гал сөнөөгчдийн баг гамшигт нэрвэгдсэн бүс нутагт ажиллаж байгаа юм. Аврах багийнхан эдгээр бүс нутгийн дүр зургийг дайны талбартай зүйрлэсэн ба өргөн хүрээг хамарсан хөрсний гулгалт, үерийн улмаас илүү олон хүний амь нас хохирсон байж магадгүй гэж эмээж байна.
Гэвч хэд хэдэн газартай холбоо тасарсан тул нийт хохирлын хэмжээг тогтооход хэцүү байгаа аж. Филиппиний Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Ричард Гордон "Олон бүс нутаг эрчим хүчгүй, харилцаа холбоогүй болсон бөгөөд ундны ус маш бага байгаа" хэмээн мэдэгджээ. Тус нийгэмлэгийн зүгээс мөн урт хугацааны тусламжийн үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд 22 сая ам.долларын хандив цуглуулах уриалга гаргаад байна.
"Рай" шуурганы салхины хурд 195 км/ц-т хүрсэн бөгөөд энэ нь 2021 онд Филиппинийг дайрсан хамгийн хүчтэй хар салхи юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.