Хан-Уул Эко дүүрэг "Хоггүй Хан-Уул" зорилтын хүрээнд хог тээвэрлэлтийн дөрвөн компанид хог тээврийн автомашинуудыг хүлээлгэн өгч парк шинэчлэл хийлээ.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв нь парк шинэчлэл хийгээгүй бөгөөд хог тээвэрлэх зориулалттай автомашины ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэл ихтэй, ажлын бүтээмж нь муудсан байжээ. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт жил ирэх тусам орон сууцны хороолол, аж ахуй нэгж байгууллага нэмэгдэж хүн амын тоо 250 мянгад хүрсэн ба хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр гарах хог хаягдлын хэмжээ ч нэмэгджээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан Хоггүй Хан-Уул зорилтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн ажлын эхлэл болгож хог тээвэрлэлтийн дөрвөн компанид 10м3 буюу хог шахаж ачих үйлдэлтэй камаз /КО456/ маркийн дөрвөн автомашины түлхүүрийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан гардуулан өглөө.
Нэмээд 2022 оны дүүргийн төсөвт дахин 12 хог тээврийн автомашиныг шийдвэрлэн өгөхөөр төсөвт суулгажээ. Өмнө нь ашиглаж байсан хог тээвэрлэлтийн автомашинууд нь оруулж ирсэн тухайн улсдаа олон жил явсан машинууд байсан ба шинэ автомашинууд нь хогийн шахаж ачих үйлдэлтэй, 00 километртэй, орчин үеийн стандартын шаардлага хангасан гэдгээрээ давуу талтай юм.
Ингэснээр хоггүй, цахим, эко дүүрэг болох зорилт тавьсан Хан-Уул дүүргийн хог хаягдлын менежментийн шинэ түвшинд гаргах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулан дүүргийн иргэдийн ая тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.