Германы зүүн хэсгийн Саксон дахь коронавирусийн эсрэг хязгаарлалтуудыг эсэргүүцсэн идэвхтнүүд тус муж улсын Ерөнхий сайд Майкл Кречмерийн амь насыг заналхийлсний дараа цагдаа нар хэд хэдэн байршилд нэгжлэг хийж, сэжигтнүүдийг баривчилжээ.
Тодруулбал, вакцинжуулалтыг эсэргүүцсэн хэт барууны үзэлтэй идэвхтнүүд хулгавч нум болон бусад зэвсэг ашиглан Ерөнхий сайдын амь насыг хөнөөхөөр төлөвлөж байсан нь орон нутгийн телевизийн баримтат киногоор ил болсон юм. Өөрсдийгөө "Дрезденийн цахим сүлжээ" гэж нэрлэсэн хэсэг иргэн тус муж улсын Ерөнхий сайд болон бусад төлөөлөгчийг хороох талаар санал бодлоо солилцож, төлөвлөгөө боловсруулж байсан аж.
Ингээд мөрдөн байцаалтын ажиллагааны үр дүнд, 32-64 насны зургаан сэжигтнийг баривчилсан бөгөөд тэдний орон сууцаас олон тооны нотлох баримт олсон гэж бүс нутгийн Прокурорын газраас мэдээлсэн байна.
Саксон нь Германы хамгийн бага вакцинжуулалтын түвшинтэй муж улс бөгөөд цар тахлын халдварын тохиолдлын тоогоороо хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Тус бүс нутгийн Ерөнхий сайд Майкл Кречмер өнгөрсөн жил коронавирусийг үгүйсгэж байсан хэдий ч удахгүй уучлалт гуйж, цар тахлын эсрэг хатуу арга хэмжээ авахыг дэмжих болсон билээ.
ХБНГУ-ын шинэ Засгийн газар өнгөрсөн долоо хоногт бүх эрүүл мэндийн ажилтан болон цэргийг ирэх хавар гэхэд вакцинд хамруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд 2022 оны эхээр бүх насанд хүрэгчийг заавал вакцинжуулахаар шийдвэрлэхийг дэмжиж байгаа аж. Гэвч энэ мэт хатуу хязгаарлалт болон шаардлагуудыг эсэргүүцсэн олон мянган герман иргэн өргөн хүрээний жагсаал цуглаан зохион байгуулж байгаа билээ.
Эх сурвалж: BBC, France 24
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.