Данийн Цагаачлалын яамны сайд асан Ингер Стойберг орогнол хүссэн залуу хосуудыг хууль бусаар салгасан хэрэгт буруутгагдаж, 60 хоногийн хорих ялаар шийтгүүлжээ.
Харин Стойберг шүүхийн шийдвэрт маш их гайхаж байгаагаа илэрхийлэн, түүний бодлого нь насанд хүрээгүй хүүхдүүдийг албадан гэрлэлтээс хамгаалах зорилготой байсан гэж мэдэгдсэн байна. Тэрээр мөн шийтгэлээ хүлээн зөвшөөрөх хэдий ч хийсэн зүйлдээ харамсахгүй байгаагаа тэмдэглэн, "Зөвхөн би ялагдаад зогсолгүй Данийн үнэт зүйлс алдагдлаа" хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.
Ингер Стойберг 2015-2019 оны хооронд Данийн Цагаачлалын сайдаар ажилласан бөгөөд энэ хугацаандаа цагаачлалын асуудалд хатуу байр суурь баримталж, олон арван хязгаарлалтыг нэвтрүүлсэн юм. Үүний нэг нь, 18 нас хүрээгүй хэдий ч гэр бүл болсон дүрвэгсдийг хамт байрлуулахгүй байх тушаал аж. 2016 оны 2 дугаар сард нэвтрүүлсэн энэхүү журмын хүрээнд нийт 23 хосыг салгасан бөгөөд тэд гомдол гаргасны дараа Данийн эрх баригчид энэхүү бодлогыг цуцалсан билээ.
Мөн консерватив-либерал Венстр намын гишүүд Стойбергийг импийч хийхээр санал өгсний дараа тэрээр Дэд даргын албан тушаалаасаа огцорсон юм. Түүнчлэн тус улсын Парламентын гишүүд түүнийг огцруулахаар төлөвлөж байгаа тул Стойберг суудлаа алдаж магадгүй. Үүнээс гадна, энэ удаагийн шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжгүй учир түүний улс төрийн карьер хэцүүхэн байдалд ороод байна.
Энэхүү хэрэг нь Дани улсад сүүлийн гучин жилийн хугацаанд болсон анхны импийчментийн шүүх хурал аж. АНУ-д импийчментийн нь улс төрийн шинжтэй байдаг бол тус улсын импийчмент нь торгууль, эсвэл хорих ялаар дуусдаг байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.