СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2021-12-16

🔴ЧУУЛГАН: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

 

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 55.3 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн нар бичгээр ирүүлсэн хүсэлтээ танилцуулж байр сууриа илэрхийлсэн юм.

Нэгдсэн хуралдааны эхэнд дэгийн хуульд заасны дагуу хууль эцэслэн батлах санал хураалт явуулж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь буюу нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн батлав. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нийт гишүүний олонх буюу хуралдаанд оролцсон гишүүдийн 95.5 хувиийн саналаар эцэслэн баталлаа.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны төслийн анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй зарим засвар хийжээ. Мөн хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан санал хурааж шийдвэрлэхээр зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш буюу 93.3 хувь нь дэмжсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй учраас хуулийн төслийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг өөрчлөхөөр Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Ингээд хуулийн төслүүдийн эцэслэн батлах бэлтгэлийг хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэн юм. Иймээс тогтоолын төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв.

Дараа нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулсан юм.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны энэ сарын 14-ний өдрийн хамтарсан хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, төслийн анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авч чадаагүй зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэжээ. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засвар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төсөл, танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг гишүүдэд тараасан байна.   

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар, Д.Ганбат нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авч байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан төслийн 25 дугаар зүйлийг хасах зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.