Өмнөд Солонгосын сүү, сүүн бүтээгдэхүүний хамгийн том компани болох "Seoul Milk" эмэгтэйчүүдийг үнээ мэт дүрсэлсэн сурталчилгаа гаргасныхаа дараа уучлалт гуйжээ.
Тус сурталчилгаанд нэгэн эрэгтэй хээр тал дахь хэсэг эмэгтэйн бичлэгийг нууцаар бичиж байгаагаар гардаг бөгөөд эцэст нь эдгээр эмэгтэй үнээ болж хувирдаг юм. Олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсны дараа "Seoul Milk" компани уг сурталчилгааг албан ёсны "YouTube" сувгаасаа устгасан хэдий ч интернет хэрэглэгчид бичлэгийг дахин байршуулснаар дуулиан шуугиан улам өргөжих болсон байна.
Энэхүү брэндийн толгой компани болох "Seoul Dairy Cooperative"-ийн нийтэлсэн мэдэгдэлд "Өнгөрсөн сарын 29-нд гаргасан сүүний сурталчилгааны улмаас сөрөг мэдрэмж авсан бүх хүнээс бид чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Бид энэ асуудлыг нухацтай хүлээн авч байгаа бөгөөд дотоодын хяналт шалгалт хийж, цаашид ийм хэрэг гарахгүйн тулд онцгой анхаарч ажиллах болно. Бид уучлалт гуйн, толгой бөхийлгөж байна" хэмээн бичжээ.
Уг сурталчилгаа нь хүйсээр ялгаварлан гадуурхах явдалд мэдрэмжгүй хандсанаараа үндэсний хэмжээний шүүмжлэл амсаж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийг үхэр мэт дүрсэлсэн нь цорын ганц асуудал нь биш юм. Зарим хүмүүс сурталчилгааны гол дүр болох эрэгтэйн үйлдлийг "мулка" буюу эмэгтэйчүүдийн бичлэгийг нууцаар бичих хууль бус үйлдэлтэй зүйрлэжээ.
БНСУ-д сүүлийн хэдэн жилийн турш ийм төрлийн гэмт хэрэг хүчээ авах болсон бөгөөд эмэгтэйчүүдийн аюулгүй байдал онцгой асуудал болоод байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.