Унгар, Серби улсуудын хилийн ойролцоо цагаачдыг тээвэрлэж явсан автомашины жолооч цагдаагийн шалгалтаас зайлсхийх гэж оролдож байгаад осол гаргасны улмаас долоон хүн амиа алджээ.
Унгарын Морахалом хотод болсон ослын улмаас дөрвөн хүн шархадсан бөгөөд серби жолоочийг баривчилсан гэж орон нутгийн цагдаа нар мэдээлсэн байна. Хохирогчдын нас болон иргэншил одоогоор тодорхойгүй байгаа юм. Серби улсын дугаартай тус тээврийн хэрэгсэл нь цэцгийн дэлгүүр мөргөсөн ба азаар барилга доторх хэн ч гэмтээгүй аж.
Балканы хойгоос Европын Холбооны орнууд руу хүрэх хүсэлтэй цагаачдын сонгодог гол нэвтрэх цэгүүдийн нэг нь Унгар улс билээ. Энэ удаагийн осол нь ЕХ-ны хилээр хууль бусаар нэвтрэх гэж оролдсон цагаачдын харамсалтай үхлийн дахин нэгэн жишээ болж байна.
Өнгөрсөн сард Грекийн хойд хэсэгт мөн цагаачдыг тээвэрлэж явсан автомашин замын шалгалтын цэгийг мөргөсний улмаас долоон хүн амиа алдаж, найман хүн шархадсан. Түүнчлэн өнгөрөгч 10 дугаар сард Унгараас 30 цагаач тээвэрлэж явсан автобусыг Австрийн цагдаа нар саатуулсан бөгөөд тээврийн хэрэгсэл дотроос хоёр цогцос олсон билээ. Гэвч тус автобусны жолооч албаныхнаас зугтсан юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.