Мальта улсад каннабисыг хуульчилж, хувийн хэрэглээнд ашиглан, тариалахыг зөвшөөрснөөр ийм шийдвэр гаргасан Европын Холбооны анхны орон болж байна.
Тус улсын Парламент өнгөрөгч мягмар гарагт энэхүү хуулийн шинэчлэлийн талаарх санал хураалт явуулахад 36 гишүүн дэмжиж, 27 нь эсэргүүцжээ. Тэгш байдлын сайд Оуэн Бонниси "Энэ түүхэн алхам каннабис хэрэглэгчдийг эрүүгийн хариуцлага хүлээхээс сэргийлж, нийлүүлэлтийн аюулгүй, тогтмол арга замыг бий болгосноор хар тамхины хууль бус наймааг таслан зогсооно" хэмээн мэдэгдсэн байна.
Европын Холбооны Герман, Люксембург, Швейцар зэрэг хэд хэдэн улс ч мөн адил хууль батлахаар төлөвлөж байгаа билээ. Харин Нидерланд улсад каннабисыг тодорхой нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрдөг хэдий ч албан ёсоор хуульчлаагүй юм.
Шинэ хуулийн хүрээнд, Мальтагийн бүх насанд хүрэгч гэртээ дөрвөөс илүүгүй каннабисын ургамал ургуулж, долоон грамм хүртэлх каннабисыг биедээ авч явах боломжтой аж. Гэхдээ олон нийтийн газарт болон хүүхдүүдийн өмнө татаж болохгүй юм.
Долоон граммаас дээш хэмжээг авч явсан хүнийг 100 еврогоор торгох гэнэ. Харин олон нийтийн газарт каннабис татсан тохиолдолд 235 еврогоор торгох бол 18 нас хүрээгүй хүүхдийн өмнө татвал 500 еврогийн торгууль ногдуулах байна. Түүнчлэн каннабис хэрэглэсэн насанд хүрээгүй иргэдийг баривчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй ба харин халамжийн төлөвлөгөө, эмчилгээг санал болгоно гэжээ.
Мальтагийн эрх баригчид каннабис болон ургамлын үрийг нь тараах холбоод байгуулж, хүн бүр хэр их хэмжээг худалдан авч байгааг зохицуулах аж. Мөн иргэд зөвхөн нэг холбооны гишүүн байж болох юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.