Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 55-р сургууль газар зүйн хичээлийн ангиа шинжлэх ухааны сэдэвтэй зураг, дүрслэл хүүхдэд сонирхолтой хэв маягаар тохижуулжээ.
Тус сургуулийн газар зүйн багш нарын боловсруулсан газар зүйн хичээлийн кабинет байгуулах төслийг “Prius Center” компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор нэг өдрийн цалингаа хандивлаж, 11 сая 800,000 төгрөгийн санхүүжилт олгосны дагуу ийнхүү газар зүйн иж бүрэн кабинеттай болжээ.
55-р сургууль нь ахлах ангийн сургалтаар оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгодгоороо онцлог бөгөөд энэ хичээлийн жил хүлэмжийн тариалагчийн мэргэжлийн ангийг шинээр нээжээ. Мөн хоол нарийн боов, зочид буудлын өрөөний үйлчлэгчийн мэргэжлээр сурагчдыг төгсгөн ажлын байранд шилжүүлэх зорилготой гэдгийг багш нар хэлж байна.
Сургуулийн хамт олны улсдаа анх удаа бүтээн байгуулсан дээвэр дээрх өвлийн хүлэмж, мэргэжлийн хичээлийн хэрэглэгдэхүүний өрөө болон анги бүрийн тохижилт нь өөр өөрийн онцлогийг шингээсэн, сонирхол татахуйц байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.