Италийн Сицили арлын Равануса хотод ахуйн хий дэлбэрсний улмаас дөрвөн орон сууцны барилга нурж, долоон хүн амиа алджээ.
Өнгөрөгч бямба гарагийн орой болсон дэлбэрэлтээс хойш гал сөнөөгчид болон аврагчид тасралтгүй ажиллаж байгаа аж. Тэд ням гарагийн өглөө хоёр хүнийг нуранги дороос эсэн мэнд гаргаж авсан бөгөөд одоо дахин хоёр хүнийг хайсаар байгаа юм.
Амиа алдсан хүмүүсийн дунд есөн сартай жирэмсэн эмэгтэй байсан бөгөөд түүний нөхөр болон эцэг, эхийнх нь цогцсыг мөн гаргаж авсан байна. Аврагчид хохирогчдын цогцсыг илрүүлэхийн тулд үнэрч нохой ашиглажээ.
Албаныхны мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас дөрвөн байшин нурж, гурван барилга эвдэрсэн бөгөөд 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон гэнэ.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа ба нэг орон сууцны барилгад хий алдагдсан байж болзошгүй гэж мөрдөн байцаагчид үзэж байна. Барилга дотор сүүлийн хэдэн өдрийн турш хий үнэртэж байсныг оршин суугчид орон нутгийн хэвлэлүүдэд ярьжээ. Харин Сицилийн иргэний хамгаалалтын албаны дарга Сальваторе Кочина цахилгаан шатны улмаас дэлбэрэлт болсон байж магадгүй гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.