БНХАУ-ын хойд хэсгийн Тяньжин хотод коронавирусийн "Омикрон" шинэ хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар орон нутгийн эрх баригчид өнгөрөгч даваа гарагт мэдээлжээ.
Тодруулбал, хилийн чанадаас эх орондоо буцаж ирсэн нэгэн иргэнээс энэ сарын 9-ний өдөр халдвар илэрсэн бөгөөд уг зорчигч хилээр нэвтрэх үеэр ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Өвчтөнийг одоо тусгай эмнэлэгт тусгаарлан, эмчилж байгаа аж.
Үүний зэрэгцээ, зүүн нутгийн Жэжян муж сүүлийн хэдэн долоо хоногт "Дельта" хувилбарын шинэ давлагаатай тэмцэж байгаа билээ. Хэрэв эдгээр шинэ халдварын тархалтад зохих ёсоор хяналт тавихгүй бол Хятад улсын цар тахлыг бүрэн дарах төлөвлөгөөнд том саад учирч магадгүй гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байна. Мөн ирэх оны 2 дугаар сард болох Бээжингийн өвлийн олимпод ч асуудал үүсгэж болзошгүй юм.
Анх Өмнөд Африкт илэрсэн "Омикрон" хувилбар нь одоогоор дэлхийн 50 гаруй улсад бүртгэгдээд байна. Их Британид нэг хүн тус хувилбарын халдварын улмаас нас барсан болохыг Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрөгч даваа гарагт мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.