“Тодканнам” гоо сайхны эмнэлгийн эмч Н.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаалаа.
Тэдэнд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тус дүүргийн XV хорооны нутагт үйл ажиллагаа явуулж байсан дээрх эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард 29 настай эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад бие нь гэнэт муудаж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн боловч нас барсан хэрэгт дээрх хоёр эмчийг буруутган яллагдагчаар татсан билээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн болох Б.Гүндсамбуу “Энэ хэрэгт “Тодканнам” эмнэлгийн захирал Н.Тоднямыг яллагдагчаар татах ёстой” хэмээн удаа дараа мэдэгдэж, хэвлэлийн хурал хийж байсан бөгөөд өнөөдрийн шүүх хурлын үеэр ч үүнийгээ илэрхийлсэн аж. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч Н.Тоднямыг энэ хэрэгт хамааралтай байна гэж дүгнэн, яллагдагчаар татаж шалгуулах үндэслэлтэй гэж үзээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцаасан байна. Уг нь Н.Тодням иргэний хариуцагчаар татагдан эл шүүх хуралд оролцож байв.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг 2019 оны арванхоёрдугаар сарын 13-нд анх хүлээн авч, есөн удаа хойшлуулсны эцэст 2020 оны наймдугаар сарын 25-нд хэлэлцэн дөрвөн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан байдаг. Цагдаагийнхан нэмэлт ажиллагааг нь хийж дуусгаад, прокурор яллах дүгнэлт үйлдэн энэ оны долдугаар сарын 8-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, хурлыг наймдугаар сард товлосноос хойш оролцогчид элдэв шалтгаанаар хойшлуулсаар өчигдөр хэлэлцсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.