Австри улсын эрх баригчдын хэрэгжүүлж буй коронавирусийн үеийн хязгаарлалт болон зайлшгүй вакцинжуулалтыг эсэргүүцсэн хэдэн арван мянган иргэн өнгөрөгч амралтын өдрүүдээр жагсаал зохион байгуулжээ.
Цагдаа нарын мэдээлснээр, эсэргүүцлийн хөдөлгөөн дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд энэ удаагийн жагсаалд 44 мянга орчим хүн цугларсан байна. Хэт барууны Эрх чөлөөний намын дэмжлэгтэй жагсагчид нийслэл Вена хотод цугларан, Засгийн газрын цар тахлын эсрэг арга хэмжээг шүүмжилж байгаа юм.
Тодруулбал, тус улс нь ирэх оны 2 дугаар сараас эхлэн вакцинжуулалтыг зайлшгүй шаардлага болгох гэж байгаа бөгөөд ийм шийдвэр гаргасан Европын Холбооны анхны орон болжээ. Энэхүү журам 14-өөс дээш насны бүх иргэнд хамаарах ба зөвхөн эрүүл мэндийн шалтгаантай хүмүүсийг чөлөөлөх аж.
Харин жагсагчид вакцинд хамрагдах эсэхээ өөрсдөө шийдэх эрх чөлөөтэй байх ёстой гэж үзэж байгаа юм. Засгийн газрын зүгээс хэнийг ч хүчээр вакцинжуулахгүй гэж мэдэгдсэн ч дархлаажуулалтаас татгалзсан хүмүүсийг 4,000 ам.доллар хүртэлх дүнгээр торгоно гэжээ.
Нийт 8.9 сая хүн амтай Австри улсад цар тахал эхэлснээс хойш халдварын 1.2 сая тохиолдол бүртгэгдэж, 13 мянга гаруй хүн нас бараад байна. Мөн тус улсын хүн амын 68 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан нь Баруун Европ дахь хамгийн бага үзүүлэлтүүдийн нэг юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.