Энэ оны эхэнд шинээр баталсан Шүүхийн тухай хуулийн дагуу байгуулсан Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн пүрэв гарагт зөвлөгөөн зохион байгуулж, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хоёр хүсэлтийг хэлэлцэн, нэг шүүгчийн бүрэн эрхийг сэргээх, гурван шүүгчийг огцорсонд тооцох шийдвэр гаргажээ.
Тодруулбал, “Салхитын мөнгөний орд”-ын гэх дуулиант хэрэгт холбогдож, бусдаас хахууль авсан гэм буруутайг нь гурван шатны шүүхээс тогтоосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан Б.Сайханцэцэг нарыг огцорсонд тооцох тухай шийдвэр гаргасан байна.
Эрхийг нь сэргээсэн шүүгч бол Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал. Тэрбээр Ерөнхий сайд асан С.Баярыг цагдан хорих захирамж гаргачихаад түүнийгээ баталгаажуулалгүй утсаа салган алга болсон хэмээх дуулианд холбогдож байсан. Түүгээр ч зогсохгүй ерөнхий шүүгчийнхээ гар утасны сим картыг ашиглах боломжгүй болгож, өмнө нь эрүүгийн хэрэгт ял шийтгүүлж байсан Ц.Зоригтбаатар гэх хүнээр “Мобиком”-ын салбараас сэргээлгэн авхуулсан буюу Эрүүгийн хуулийн 26.1- дэх хэсэгт заасан “Цахим төхөөрөмжинд хууль бусаар халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тооцож, торгох ял шийтгүүлж байсан ч давж заалдсаар хэргийг нь Дээд шүүхийнхэн хэрэгсэхгүй болгосон юм. Улмаар шүүгчийнх нь эрхийг сэргээх шийдвэр шинээр байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо гаргажээ.
Тус хороо өнгөрсөн сарын 18-нд бүрдэж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 29-ний зөвлөгөөнөөрөө хууль зүйн ухааны доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Думбурайн Мягмарцэрэнг даргаар сонгосон юм.
Ташрамд сануулахад, Шүүхийн тухай хуульд зааснаар Сахилгын хороо нь шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага байхаар хуульчилж, орон тооны есөн гишүүнтэй байхаар заасан. Нийт шүүгчийн анхдугаар чуулганаас эл хорооны гишүүнээр Г.Цагаанцоож, О.Номуулин, С.Энхтөр, Б.Сугар гэсэн дөрвөн шүүгчийг сонгосон бол, шүүгч бус гишүүнээр Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг тус тус томилсон билээ. Сахилгын хороо байгуулагдсанаасаа хойш зургаан удаа зөвлөлдөж үйл ажиллагаандаа баримтлах дүрэм, журам, шийдвэрээ баталсан аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.