Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса коронавирусийн халдвар авсан бөгөөд Кейптаун хотод өөрийгөө тусгаарлаж байгааг түүний ажлын албанаас өнгөрөгч ням гарагт мэдээлжээ.
Тус мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхийлөгчид хөнгөн хэлбэрийн шинж тэмдгүүд илэрч байгаа ба тэрээр Цэргийн эрүүл мэндийн албаны хяналтад байгаа аж. Мөн тэрээр ирэх долоо хоног хүртэл бүх үүрэг хариуцлагаа Дэд ерөнхийлөгч Дэвид Мабузад даалгасан байна.
69 настай Сирил Рамафоса нь цар тахлын эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагджээ. Гэхдээ тэрээр "Омикрон" хувилбараар өвчилсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ерөнхийлөгч Рамафоса өнгөрсөн долоо хоногт Баруун Африкийн дөрвөн оронд айлчилсан аж.
Өмнөд Африк улс коронавирусийн "Омикрон" шинэ хувилбарын хүчтэй давлагаатай тэмцэж байгаа бөгөөд ням гарагт 18 мянга гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ. Албаныхны мэдээлснээр, эдгээр тохиолдлын 70 гаруй хувь нь "Омикрон"-ы халдвар аж.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.