Төв Америкийн Никарагуа улс Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, БНХАУ-ын "Нэг Хятад" бодлогыг дэмжиж байгаагаа зарлажээ.
Тус улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд "Никарагуа улс Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, албан ёсны болон бусад холбоогоо зогсоож байна. Дэлхийд цорын ганц Хятад улс байдаг гэдгийг Бүгд Найрамдах Никарагуа Улс хүлээн зөвшөөрч байна" гэж тэмдэглэсэн байна.
Тайваний зүгээс энэхүү шийдвэрт гүн харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Никарагуа улс "олон жилийн хамтын нөхөрлөлөө үл тоомсорлолоо" хэмээн мэдэгджээ. Тэгвэл БНХАУ уг алхмыг ихэд сайшааж, тус улстай дипломат харилцаа тогтоохыг хүссэн аливаа улс орон Тайпейтэй харилцаагаа таслах ёстой гэж шаардсан байна.
Харин АНУ-ын Төрийн департамент үүний эсрэг байр суурьтай байгаа бөгөөд ардчилсан орнуудыг Тайваньтай харилцаагаа өргөжүүлэхийг уриалж байгаа юм.
Бээжин Тайванийг эх газартайгаа эргэн нэгтгэх ёстой салан тусгаарласан муж гэж үздэг бол Тайвань өөрсдийгөө ардчилсан засаглалтай, тусгаар тогтносон улс гэж үздэг билээ. Тайваний Гадаад хэргийн яамны мэдэгдэлд "Бид прагматик дипломат ёсыг үргэлжлүүлэн сурталчилж, бусад улстай дипломат харилцаагаа солилцож, хөгжүүлэх эрхтэй" гэж дурдсан байна.
Ерөнхийлөгч Цай Ин Вэнь 2016 оны 5 дугаар сард албан тушаалдаа очсоноос хойш Тайваний холбоотон орнуудын тоо 21-ээс 14 болж буурчээ.
Никарагуагаас өмнө Номхон далайн арлын Кирибати улс болон Соломоны арлууд 2019 онд Тайваньтай харилцаагаа тасалсан билээ. Харин Литва улс өнгөрөгч 11 дүгээр сард Тайваний Элчин сайдын яамыг хүлээн зөвшөөрсний дараа БНХАУ Литватай дипломат харилцаагаа хязгаарласан юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.