Өнгөрөгч лхагва гарагт Ниагара хүрхрээний ирмэгт нэгэн автомашин унаж, живсэн талаар АНУ-ын эргийн хамгаалалтын албанаас мэдээлсэн байна. Аврагчид тус автомашин дотор байсан жолоочийг уснаас гаргаж авсан хэдий ч тэрээр аль хэдийн нас барсан байжээ.
Энэхүү машин Ниагара гол руу хэрхэн орсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Гэрчүүдийн мэдээлснээр, машин явган хүний гүүрний ойролцоо хөвж байсан бөгөөд үүнийг харсан иргэд цагдаад дуудлага өгсөн байна. Бүс нутгийн цагдаа нар дрон ашиглан, машин дотор хүн байгаа эсэхийг шалгахад нэгэн эмэгтэй байгааг олж тогтоосон аж.
Нью Йорк мужийн Цэцэрлэгт хүрээлэнгийн шуурхай аврах багийнхан тус тээврийн хэрэгслийн байршлын улмаас жолоочийг аврах боломжгүй байсан гэнэ. Ингээд Эргийн хамгаалалтын албаныхан нисдэг тэргээр аврах ажиллагааг зохион байгуулсан хэдий ч хэтэрхий оройтсон байжээ.
Амиа алдсан жолооч нь 60 гаруй насны эмэгтэй байсан гэж албаныхан мэдээлсэн байна. Энэхүү хэрэг гарсан өдөр бага зэргийн цас орсны улмаас ойр орчмын зам халтиргаа гулгаатай байсан аж. Мөрдөн байцаагчид одоо уг явдлыг шалгаж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.