Энэтхэгийн Батлан хамгаалахын штабын дарга, цэргийн дээд командлагч, генерал Бипин Рават өнгөрөгч лхагва гаргийн өглөө нисдэг тэрэгний ослоор амиа алдсан болохыг тус улсын Агаарын цэргийн хүчнээс мэдэгджээ.
Түүний сууж явсан "Ми-17В5" цэргийн нисдэг тэрэг Куноор хотын ойролцоох толгодод осолдсон байна. Нисдэг тэрэг дотор Раватын эхнэр болон цэргийн албаны долоон зорчигч, нислэгийн багийн таван гишүүн байжээ. Ослоос амьд үлдсэн цорын ганц хүн болох цэргийн ахмад нь хүнд шархадсан бөгөөд тэрээр одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Албаныхны мэдээлснээр, нисдэг тэрэг их хэмжээний манантай цаг агаарт нисэж байсан бөгөөд ослын шалтгааныг мөрдөн шалгаж байгаа аж. Ослын газар нь ургамлаар бүрхэгдсэн, уулархаг хэсэг учир аврах ажиллагааг шуурхай явуулахад хүндрэлтэй байжээ.
#WATCH | Latest visuals from the spot (between Coimbatore and Sulur) where a military chopper crashed in Tamil Nadu. CDS Bipin Rawat, his staff and some family members were in the chopper. pic.twitter.com/6oxG7xD8iW
— ANI (@ANI) December 8, 2021
Бүс нутгийн иргэд нисдэг тэргийг тэнгэрээс унахыг харахаасаа өмнө хэд хэдэн "аймшигтай чанга дуу чимээ" сонссон гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Нэгэн гэрч "Би нисдэг тэргийг унахыг харсан... нэг мод мөргөөд, шатаж эхэлсэн. Намайг гүйж очиход тэнд маш их утаа байсан. Хэдэн минутын дотор гал миний байшингаас ч өндөрт дүрэлзсэн" хэмээжээ.
63 настай байсан Бипин Рават нь 2019 оны 1 дүгээр сард Энэтхэгийн анхны Батлан хамгаалахын штабын даргаар томилогдсон билээ. Ингэснээр тэрээр тус улсын арми, тэнгисийн цэргийн хүчин болон агаарын цэргийн хүчнийг нэгтгэн, удирдах болсон юм.
Энэхүү эмгэнэлт ослын дараа Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй Засгийн газрын аюулгүй байдлын хороо яаралтай хуралдсан байна. Моди албан ёсны мэдэгдэлдээ "Генерал Рават армийн арвин туршлагаа бидэнд бэлэглэсэн бөгөөд Энэтхэг улс түүний онцгой албыг хэзээ ч мартахгүй. Жинхэнэ эх оронч байсан тэрээр манай зэвсэгт хүчин, аюулгүй байдлын системийг шинэчлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Түүний таалал төгссөн явдалд гүнээ харамсаж байна" хэмээн тэмдэглэжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.