Засгийн газрын ээлжит хуралдаанаар эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажлыг шуурхайлахыг төсөл боловсруулах Ажлын хэсэгт даалгаж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болгожээ.
Төрийн бүтээмж, боомт, эрчим хүч, Улаанбаатар хотын автозамын түгжрэл, аж үйлдвэржилт, байгалийн нөөц гэсэн асуудлууд өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлс болж байна. Эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг "Шинэ сэргэлт"-ийн бодлогын хүрээнд шийдвэрлэж, сүүлийн 10 жилд тасралтгүй буурсан ажиллах хүчний оролцоо болон бүтээмжийг сайжруулах цогц арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлснээр эдийн засаг сэргэж, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгоно гэж үзэж байгаа юм.
Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажил нь "Шинэ сэргэлт"-ийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгслийн нэг билээ.
Түүнчлэн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бараа, үйлчилгээний инфляцад үзүүлэх нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.