Амиа алдсан эмэгтэйчүүдийн цогцсын зургийг авч, "WhatsApp" мессенжерийн аппликейшнээр дамжуулан бусадтай хуваалцсан Их Британийн хоёр цагдаагийн алба хаагчид хоёр жил есөн сарын хорих ял оноожээ.
Лондон хотын офицер Дениз Жаффер болон Жэйми Льюис нар нийт зургаан зохисгүй зураг дарсан бөгөөд тэднийг ёс бус үйлдэл хийсэн хэрэгт буруутгасан юм.
46 настай Биба Хенри ба 27 настай Николь Смолман гэх эгч дүүс 19 настай Данял Хуссейний гарт амиа алдсан бөгөөд тэдний цогцсыг Лондоны цэцэрлэгт хүрээлэнгийн бут дундаас олсон билээ. 2020 онд гарсан энэ хэргийн үеэр тус хоёр цагдаагийн алба хаагч цогцос олдсон газрыг хамгаалах үүрэгтэй байсан аж.
Гэвч тэдний зохисгүй үйлдэл нь цагдаа нарын ёс зүйг зөрчиж, амиа алдсан эмэгтэйчүүдийн нэр төрийг гутаан, гэр бүлийн гишүүдийнх нь зовлонг улам хурцатгасан гэж прокурорууд буруушаасан юм. Жаффер болон Льюис нар зохисгүй зураг авсан гэм буруугаа хүлээгээд байсан бөгөөд шүүгч Марк Лукрафт тэдэнд ийнхүү хорих ял оноожээ.
Харин эгч дүүсийн амийг хөнөөсөн Данял Хуссейнд Их Британийн шүүхээс хоёр удаагийн 35 жилийн хорих ял оноосон байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.