БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт болсон Үндэсний шашны үйл ажиллагааны бага хурлын үеэр үг хэлэхдээ шашинд тавих хяналтыг улам чангатгана гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр, Хятад улс шашны үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулж, шашныг "хятаджуулах" бодлогод анхаарч ажиллах аж. Мөн аливаа шашны үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд явагдах ёстойг онцолсон байна.
Тус улсын дээд удирдлагууд оролцсон уг бага хурал нь 2016 оноос хойш анх удаа зохион байгуулагдсан бөгөөд ирэх хэдэн жилд хэрэгжүүлэх шашны зохицуулалтыг тодорхойлжээ. Үүний хүрээнд, Хятадын иргэд Коммунист намын шашны бодлогыг дагаж мөрдөн, социалист орны шаардлагад дасан зохицох ёстой гэж Ши Жиньпин мэдэгдсэн байна.
БНХАУ-д лалын болон христийн шашинтнууд их хэмжээний дарангуйлалд амьдардаг гэж олон улсын ажиглагчид шүүмжилсээр ирсэн бөгөөд АНУ өнгөрсөн сард тус улсыг иргэдийн шашин шүтэх эрх чөлөөг зөрчсөн хэргээр "Онцгой анхаарал татсан улсууд"-ын жагсаалтад багтаасан билээ.
Эх сурвалж: South China Morning Post
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.