Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 286 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 113 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 173 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 52 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас долоон гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 114 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, дөрвөн мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор 110 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байгаа юм байна.
Хөрөнгө, орлого нь хэт өссөн талаарх мэдүүлэг гаргасан 20 албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу холбогдох татвар, хураамжаа төлсөн эсэхэд хяналт хийлгэхээр Татварын ерөнхий газартай хамтран хяналт шалгалтын ажлыг хийж байгаа гэв.
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгж, түүний харьяа хараат болон охин компани, нийт 74 хуулийн этгээдийн бүтэц, орон тоо, нийт ажилтнуудын ажлын байрны чиг үүрэгт дүн шинжилгээ хийхэд авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлтэй 329 албан тушаалтан байсан тул тэднийг Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамруулж, ХАСХОМ гаргавал зохих албан тушаалтнаар тодорхойлох чиглэлийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.