Египетийн Бени Суэф мужид хоёр давхар орон сууцны барилга нурсны улмаас 8, 11, 12 настай ах дүү гурав амиа алдаж, есөн хүн шархадсан байна.
Ослын газарт очсон аврах багийнхан барилгын нуранги дороос есөн хүнийг эсэн мэнд гаргаж авсан бөгөөд тэдний дунд мөн гурван хүүхэд байжээ. Гэмтэл бэртэл авсан эдгээр хохирогчийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бол амиа алдсан гурван хүүхдийн цогцсыг Ихнасия төв эмнэлгийн шарилын газарт хүргэсэн аж.
Одоо орон нутгийн мөрдөн байцаагчид энэхүү барилгын нурсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Египет улсад сүүлийн үед барилга байшин нурах явдал олширсноор тус улсын Засгийн газраас барилгын стандартын зөрчлийн эсрэг кампанит ажлыг эхлүүлээд байгаа билээ. Үүний хүрээнд албаныхан хэд хэдэн хүнийг баривчлан, зарим барилгыг нураагаад байгаа юм.
Каир хотод өнгөрсөн 3 дугаар сард өөр нэгэн орон сууцны барилга нурж, 16 хүн амиа алдсан бол өнгөрөгч 9 дүгээр сард дөрвөн давхар байшин нурсны улмаас гурван хүн нас барсан билээ.
Эх сурвалж: UPI, The Times of Israel
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.