Бельгийн нийслэл Брюссель хотод өнгөрөгч ням гарагт найман мянга орчим иргэн коронавирусийн үеийн хязгаарлалтыг эсэргүүцэн жагсаж, цагдаа нартай мөргөлджээ.
Жагсагчид Брюссель дахь Европын Холбооны төв байр руу чиглэн явж байсан бөгөөд салют буудуулан, "Эрх чөлөө!" хэмээн хашхирч байсан гэнэ. Тэднийг ЕХ-ны төв байр руу ойртохоос өмнө цагдаа нар өргөст тортой хашлага босгож, цугласан олон руу даралтат ус, нулимс асгаруулагч шүршсэн байна. Үүний хариуд иргэд цагдаа нарын зүг салют буудуулж, шар айргийн лааз шидэн, гудамж дахь хог хаягдлыг шатаажээ.
Тус улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт цар тахлын үеийн хязгаарлалтуудыг чангаруулан, амны хаалт, вакцинжуулалт зэргийг зайлшгүй арга хэмжээ болгосныг иргэд ийнхүү олноороо эсэргүүцэж, жагссан аж. Жагсагчдын дунд мөн бага насны хүүхдээ дагуулан ирсэн эцэг, эхчүүд байсан бөгөөд тэд вакциныг хэтэрхий эрсдэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Сүүлийн үед Европын улс орнуудад коронавирусийн эсрэг арга хэмжээг чангаруулах тусам үүнийг эсэргүүцсэн жагсаал цуглаан хүчээ авч байна.
Эх сурвалж: Al Jazeera
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.