Индонезийн Жава арлын хамгийн өндөр галт уул өнгөрөгч бямба гарагт дэлбэрсний улмаас 14 хүн амь үрэгджээ. Одоо галт уулын ойр хавийн бүс нутаг их хэмжээний үнс, хог хаягдал, шаварт дарагдсан бөгөөд аврагчид амьд үлдсэн хүмүүсийг хайсаар байна.
Зүүн Жава мужид орших Семеру галт уул нь хүчтэй аадар борооны улмаас гэнэт дэлбэрсэн гэж цаг уурын мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Дэлбэрэлтийн үеэр зузаан үнсэн багана 12,000 метрийн өндөрт цацагдаж, ойролцоох тосгон болон хотууд халуун хайлмагт хучигдсан байна.
Тус улсын Гамшгийн хор уршгийг бууруулах үндэсний агентлагаас мэдээлснээр, галт уулын хайлмаг, халуун хийнд түлэгдсэн 56 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд аврагчид Курах Кобокан тосгоны есөн оршин суугчийг хайсаар байгаа аж. Гэвч хүчтэй борооны улмаас галт уулын халуун үнс нурам дахин цацрах эрсдэлтэй байгаа учир эрэн хайх, аврах ажиллагааг түр зогсоожээ.
Энэхүү гамшгийн улмаас 1,300 гаруй хүн түр хоргодох байранд байрлаж байгаа бөгөөд Индонезийн Засгийн газар хамгийн их хохирол амссан тосгонуудын оршин суугчдыг ойрын зургаан сарын хугацаанд аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, шинэ байшинд оруулна гэж амласан байна. Мөн тэр хүртэл шаардлага хангасан гэр бүл бүрт сарын 500,000 индонезийн рупи буюу 34.50 ам.долларын нөхөн олговор олгоно гэжээ.
Семеру галт уул нь сүүлийн 200 жилийн хугацаанд олон удаа дэлбэрсэн бөгөөд хамгийн сүүлд энэ оны 1 дүгээр сард дэлбэрэх үед хүний амь эрсдээгүй юм. Индонезийн нийт 270 сая гаруй хүн амын 54 хувь нь Жава арал дээр амьдардаг байна.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.