Шатрын дэлхийн чансааг тэргүүлж буй Норвегийн Магнус Карлсен дэлхийн аварга цолоо хамгаалж чадав. Тэрбээр АНУ-ын шатарчин Фабиано Каруанаг 12 өргийн дараа рапид тоглолтоор ийн буулган авч хөлөг дээрх халз тулаанаа өндөрлөлөө.
М.Карлсен түргэн тоглолтод өрсөлдөгчөө гурван удаа ялж америкчуудын Бобби Фишерээс (1972) хойш анхны шатрын дэлхийн аваргатай болох мөрөөдлийг хойшлуулчихав. Энэ дуэл 12 өрөг тэнцээгээр өндөрлөж, эцэст нь түргэн тоглолтоор дууссан.
Магнус ялалтынхаа дараа “BBC”-д өгсөн ярилцлагадаа “Фабиано маш хүчтэй өрсөлдөгч байлаа” хэмээн дурссан байна. Үүнийг баталж Фабиано амархан өрсөлдөгч биш гэдгээ харуулан 12 өргийн турш эн тэнцүү өрсөлдсөн юм.