Францын жүдо бөхийн Олимпын алтан медальт тамирчин Марго Пиног түүний хамтрагч бөгөөд жүдогийн дасгалжуулагч Ален Шмит өнгөрсөн амралтын өдрүүдээр хүчирхийлжээ. Гэвч бүс нутгийн шүүхээс Шмитийг гэм буруугүй гэж шийдвэрлэсэн бөгөөд Францын жүдо бөхийн тамирчид үүнийг шүүмжилж байна.
Хэргийг тодруулбал, уг хос өнгөрөгч ням гаргийн үүрээр маргалдаж эхэлсэн бөгөөд улмаар Шмит Пиног хэд хэдэн удаа цохин, боомилохыг завдсан аж. Эцэст нь Пино зугтаж чадсан бөгөөд хөршийнхөө гэрт нуугдан, цагдаа дуудсан байна. Энэ явдлын улмаас 27 настай тамирчны хамар хугарсан ба тэрээр өөр бусад бэртлийн улмаас эмнэлэгт хүргэгджээ.
Цагдаа нар 38 настай Шмитийг баривчлан, хэргийг нь прокурорт шилжүүлсэн хэдий ч шүүгч түүний "гэм буруутайг нотлох хангалттай нотолгоо байхгүй" гэсэн шалтгаанаар ялыг нь хэрэгсэхгүй болгосон аж. Гэвч прокурорууд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдахаа мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл Марго Пино өөрийн хөхөрч, хавдсан нүүрнийхээ зургийг "Твиттер" хуудаснаа байршуулаад, "Миний гэмтэл бэртэл, гэрийн минь шалан дээр цацарсан цусыг хар. Өөр юу дутуу байсан юм бэ? Би амиа алдаагүй учир тэр үү? Намайг аварсан зүйл бол жүдо л байх" хэмээн бичжээ.
Dans la nuit de samedi à dimanche, j’ai été victime d’une agression à mon domicile par mon compagnon et entraîneur.
— Margaux Pinot (@MargauxPinot2) December 1, 2021
J’ai été insultée, rouée de coups de poings,
ma tête a été frappée au sol à plusieurs reprises. Et finalement étranglée. pic.twitter.com/Ghbwg8NVQy
Харин Ален Шмит бүх зүйлийг няцаасан бөгөөд Пино маргааныг эхлүүлж, түүний эсрэг жүдогийн хөдөлгөөнүүд ашигласан гэж мэдүүлсэн юм.
Энэ хэрэг гарсан өдөр Шмит Израилийн жүдо бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар явах гэж байсан хэдий ч нислэгээсээ хэдхэн цагийн өмнө баривчлагджээ. Одоо Израилын жүдо бөхийн холбооноос түүнтэй бүх холбоогоо таслаад байгаа аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.