Дани дахь "IKEA" тавилгын дэлгүүрийн үйлчлүүлэгч болон ажилтнууд цасан шуурганы улмаас гэртээ харих боломжгүй болж, тус дэлгүүрт хоносон сонирхолтой хэрэг гарчээ.
Тус улсын хойд нутгийн зарим хэсэгт өнгөрөгч лхагва гарагт их хэмжээний цас орсон бөгөөд Аальборг хотод орсон цас 30 см-ийн өндөрт хүрсэн байна. Энэхүү цаг агаарын нөхцөл байдлын улмаас бүс нутгийн иргэдийг автомашин жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм. Үүний үр дүнд, Аальборгийн нисэх буудалд 300 хүн хоножээ.
Харин "IKEA" дэлгүүрт гацсан 25 орчим ажилтан, үйлчлүүлэгч үзэсгэлэнгийн танхимд унтаж, хоолны газраар нь үйлчлүүлсэн аж. Тус дэлгүүрийн менежер Питер Элмроуз үйлчлүүлэгчдээ үзүүлэнгийн ор, матрасс, буйдан дээр унтуулсан бөгөөд өглөө нь нарийн боов, кофегоор дайлаад явуулсан гэж ярьжээ.
Тус дэлгүүр нь мөн пүрэв гарагт дахин үйл ажиллагаагаа нээхдээ бүх цагаан хэрэглэлээ шинээр сольсон байх болно гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.