АНУ-д коронавирусийн "Омикрон" хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Калифорни мужийн эрх баригчид мэдэгджээ.
Халдвар авсан хүн нь саяхан Өмнөд Африкаас ирсэн бөгөөд цар тахлын эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан аж. Тус иргэнд хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн бөгөөд одоо тэрээр өөрийгөө тусгаарлаж байгаа гэж АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн юм.
"Омикрон" хувилбартай холбоотойгоор удахгүй тус улсад аялал жуулчлалын шинэ хязгаарлалт тогтоохоор төлөвлөж байгаа гэнэ. Үүний хүрээнд, олон улсын зорчигчид сүүлийн 24 цагийн дотор шинжилгээ өгч, "Сөрөг" хариу авсан байх шаардлагатай болох аж. Ерөнхийлөгч Жо Байден ирэх баасан гарагт мэдэгдэл хийж, шинэ хувилбарын эсрэг арга хэмжээг танилцуулах төлөвтэй байна.
Аялал жуулчлалын хязгаарлалт нь "Омикрон" хувилбарыг судлахад шаардлагатай цаг хугацааг бий болгоно гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байгаа билээ. Харин ДЭМБ-аас энэхүү хатуу арга хэмжээг шүүмжилж байгаа юм.
Коронавирусийн шинэ хувилбарыг өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкийн эрдэмтэд илрүүлсэн хэдий ч тус хувилбар нь үүнээс өмнө баруун Европт аль хэдийн тархаад байсан байж магадгүй гэж зарим эрдэмтэд үзэж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.