Германы Мюнхен хотын төмөр замын барилгын талбайд Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас дөрвөн хүн шархадсан бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Албаныхны хэлснээр, барилгын ажилтнууд Доннерсбергерийн гүүрний ойролцоо өрөмдлөгийн ажил хийж байх үеэр уг тэсрэх бөмбөг дэлбэрсэн байна. Үүний улмаас Мюнхений ихэнх хэсэгт төмөр замын хөдөлгөөнийг зогсоогоод байгаа юм.
Бүс нутгийн Онцгой байдлын алба хаагчид дэлбэрэлтийн талбай дээр шуурхай ирсэн бөгөөд тэсрэх бөмбөг аюулгүй болгох мэргэжилтнүүд нэмэлт шалгалт хийж байгаа аж. Баварийн Дотоод хэргийн сайд Йоахим Херманны мэдээлснээр, тус "агаарын тэсрэх бөмбөг" нь 250 кг жинтэй байжээ.
Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөгнүүд Германаас байнга олддог хэдий ч ихэнхийг нь мэргэжилтнүүд аюулгүй болгодог юм. Мюнхений төв хэсэг дэх томоохон бүтээн байгуулалтууд ихэвчлэн үүнтэй холбоотой шалгалт хийдэг боловч тус тэсрэх бөмбөгийг яагаад хэн ч урьдчилан илрүүлээгүйг олж тогтоон, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж Йоахим Херманн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.