Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 16 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаныхан өглөө.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ДЭМБ 11-р сарын 26-нд онцгой анхаарал татахуйц варент гэж бүртгэн авсан. Өнөөдрийн байдлаар 18 улсад тус хувилбар бүртгэгдээд байна. Африкийн улс орнууд, Израиль, Бельгид халдвар голомтлон гарч байгаа бол бусад оронд зөөвөрлөгдөж очсон тохиолдол бүртгэгдээд байна. Манай улс хилийн боомтуудад нэмэлт тандалтын багийг ажиллуулж байна. Чингис хаан нисэх онгоцны буудалд буусан зорчигчдоос түргэвчилсэн болон, PCR шинжилгээг авч байгаа.
11-р сарын 28-аас хойш нийт 1040 хүн ирсний 2 хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Нэг хүний шинжилгээний хариу дельта хувилбар болох нь тогтоогдсон. Нэг хүний шинжилгээний хариу үгүйсгэгдсэн.
Омикрон хувилбар өмнө хэрэглэж байсан эмчилгээтэй адил. Үнэрлэх амтлах мэдрэмж алдагдахгүй, хүчил төрөгчийн дутагдалд орохгүй байна гэдэг нь хөнгөн хэлбэр гэж үзнэ.
Долоо хоногт 80 мянган хүн вакцинжуулалтад хамрагдаж байна. Өчигдрийн байдлаар 18 мянган хүн гуравдугаар тундаа хамрагдсан. Их, дээд сургуулийн оюутнуудын идэвх нэмэгдсэн. 12-р сарын 10 хүртэл 75 Их дээд сургуулиудад вакцинжуулалтын цэг ажиллана.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Коронавирусийн шинэ хувилбар Омикрон дэлхийн 11 улсад голомтлон тархаж буй бөгөөд тэдгээр улсаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Улсын хэмжээнд 14 тусгаарлан ажиглах байранд 1,377 хүнийг хүлээн авах бэлтгэл хангасан. Ойрын үед гадагшаа явахаар төлөвлөсөн тохиолдолд эрсдэлийг сайн тооцоолох, онцын шаардлагагүй тохиолдолд гадагшаа явахгүй байхыг УОК-оос зөвлөж байна. Улсын Онцгой комисс арван нэгдүгээр сарын 27-нд хуралдаж, хил гаалийн хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгсөн. Мөн хилийн хяналтын цэгүүдэд шинжилгээ авахаар зохион байгуулалтыг хийгээд байна.
Гадаад улсаас Монголд ирж буй хүмүүст сүүлийн 72 цагийн хугацаанд өгсөн PCR шинжилгээний "Сөрөг" хариутай байх шаардлага хэвээрээ. Мөн хилийн боомтоор орж ирсэн үед нь түргэвчилсэн болон PCR шинжилгээг авна. Нэмж хэлэхэд, Омикрон хувилбар зөвхөн голомтлон тархаж буй 11 улсаас ирж байгаа иргэдийг л 10 хоног тусгаарлана.
Харин бусад улсаас ирж буй иргэдийг шинжилгээ авч нэвтрүүлэх зохицуулалт хийж байгаа.Омикрон хувилбар зөөвөрлөгдсөн болон голомтлон тархаж буй улсуудын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим хуудсаас авах боломжтой" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.