Гватемал улсын нийслэлээс АНУ-ын Майами руу нислэг үйлдсэн "American Airlines" компанийн нисэх онгоцны дугуйн бүхээгт нэгэн гватемал эрэгтэй нуугдсан байсныг Майамигийн олон улсын нисэх буудлын албаныхан илрүүлжээ.
Эрх баригчдын мэдээлснээр, уг 26 настай залууг онгоцны дугуйн бүхээгээс эсэн мэнд олсон бөгөөд түүнд газар дээр нь яаралтай эмнэлгийн тусламж үзүүлээд, дараа нь эмнэлэгт хүргэсэн байна. Одоо түүнийг АНУ-ын Гааль ба хилийн хамгаалалтын албанаас саатуулаад байгаа аж.
Тус нислэг нь 2 цаг 37 минут үргэлжилсэн бөгөөд онгоц 12,800 метрийн өндөрт нисжээ. Нислэгийн үеэр дугуйн бүхээг дэх агаарын температур -47 хэмд хүрсэн төдийгүй хүчилтөрөгчийн түвшин маш бага байсан аж. Мөн онгоц хөөрсний дараа дугуй нь хураагдах үед тус эрэгтэй хэрхэн дарагдалгүй амьд гарсан нь тодорхойгүй байна гэж мэргэжилтнүүд мэдээлсэн юм.
Нисэх буудлын аюулгүй байдлын албаныхан түүнийг олох үеэр уг эрэгтэй тэнцвэртэй зогсож чадахгүй байсан бөгөөд хуруунууд нь хөлдсөн байжээ.
Эх сурвалж: NBC News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөөрхий дөө, амиа золин байж Америкт тэмүүлж, тэнд нь үлдээгээй дээ. Нисэх буудлын харуул хамгаалалтыг давна гэдэг амаргүй л байсан байлгүй