Венесуэл улсад энэ сарын 21-нд болсон бүс нутгийн сонгуулийн үеэр хүрэлцэн ирсэн Европын Холбооны ажиглагчид сонгуулийг хянах биш тагнуул хийх зорилготой ирсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.
Тэрээр "ЕХ-ны тагнуулын төлөөлөгчид манай сонгуулийн тогтолцоог шүүмжлэх ганц ч шалтгаан олж чадаагүй. Тэд бол олон улсын ажиглагчид биш тагнуулчдын төлөөлөл байсан. Тэд манай улс даяар чөлөөтэй хөдөлж, нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралыг нь тагнаж чагнасан" хэмээн ярьсан юм.
Мадуро түүнчлэн ЕХ-ны ажиглагчдыг "дайсны хувьд ирсэн" бөгөөд "Венесуэлийн сонгуулийн өө сэвгүй, ардчилсан үйл явцыг гутаан доромжлохыг оролдсон боловч бүтэлгүйтсэн" гэж буруушаасан байна.
Энэхүү сонгуулиар Венесуэлийн иргэд орон нутгийн гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд болон муж улсуудын ассамблейн гишүүдийг сонгосон билээ. Тус улсын Үндэсний сонгуулийн зөвлөлийн мэдээлснээр, эрх баригч эвсэл 23 мужаас 20-д нь ялалт байгуулсан бол "Ардчилсан эв нэгдлийн дугуй ширээ" нам хоёр мужийн засгийн эрхийг барихаар болжээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.