Танзанийн Пемба арлын долоон оршин суугч яст мэлхийн мах идсэнийхээ дараа хордож нас барсан бөгөөд тэдний дунд гурван настай хүүхэд байжээ.
Мөн яст мэлхийн мах идсэн 38 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоо ихэнх нь эмнэлгээс гарсан байна. Үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа гурван хүний биеийн байдал тогтвортой байгаа аж.
Занзибар арлуудын нэг хэсэг болох Пембагийн таван гэр бүл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт яст мэлхийн мах идсэн гэж орон нутгийн Цагдаагийн дарга Жума Саид Хамис мэдээлсэн юм. Эдгээр хүмүүсийн биеийн байдал дараа өдөр нь муудаж эхэлсэн бөгөөд удалгүй гурван хүн нас барсан бол ням гарагт дөрвөн хүн нас баржээ.
Танзанийн арлууд болон далайн эргийн бүс нутагт амьдардаг иргэд яст мэлхийн махыг өргөн хэрэглэдэг хэдий ч тус улсын эрх баригчид энэ үйлдлийг хориглоод байгаа билээ. Ховор тохиолдолд яст мэлхийн мах нь хүнд хортой байдаг бөгөөд эрдэмтэд үүний тодорхой шалтгааныг тогтоож чадаагүй байгаа боловч яст мэлхийн иддэг хорт замагтай холбоотой гэж үздэг юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.