Эрээн боомтоор чингэлэгтэй ачаа нэвтрүүлэхээр болсон талаар ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд дараах тодруулгыг өглөө.
ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд:
-Олон нийтийн сүлжээнд Замын-Үүд Эрээний боомтын ачаа тээвэр зогслоо гэдэг асуудал ихээр гарч байна. Эрээн хотын шуурхай штабаас цаашдаа Монгол улсаар дамжин өнгөрөх болон орж ирж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг чингэлэг тээврээр авна гэдэг шийдвэр гаргасан байна.
Тухайн мэдэгдэл дээр энэ сарын 27-ны өдрөөс эхлэн Эрээн төмөр болон авто замын боомтоор модон материал, хуванцар эдлэл, төмөр болон барилгын материал бага оврын тоног төхөөрөмж импортыг түр зогсоож байна. Хүний гараар ачдаг бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар хүлээж авахгүй гэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзан, Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагааны талаар ярилцсан.
Хятад улсын талаас онцлохдоо сүүлийн өдрүүдэд ӨМӨЗО-ны Манжуур хотод хил дамнаж Ковид 19-ийн тохиолдол олноор бүртгэгдсэн тул ийм шийдвэр гаргасан талаар хэлсэн. Ихэнхдээ төмөр замын ажилчдаас халдвар илэрч байгаа тул Эрээн хотын шуурхай штабаас дээрх шийдвэрийг гарган түр хугацаанд хэрэгжүүлэхээр болсон байна.
Мөн арваннэгдүээр сарын 28-ны өдрийн 14 цагаас эхлэн төмөр замаар орж ирж байгаа төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс, жонш гэх мэт нутаг ачаа байдлаар Эрээний өртөө рүү ордог ачааг хүлээж авахгүй гэдэг мэдэгдэл бас гаргасан. Цаашдаа Замын-Үүд Эрээний төмөр замын боомтоор Монголын талаас урагшаа гарах галт тэрэг зөвхөн чингэлгээр явна. Түүнээс нийгмийн сүлжээнд гарж байгаа хил боомт хаагдсан гэдэг мэдээлэл буруу гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.