Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 88.6 хувийн биелэлттэй хэрэгжжээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн бүрд анхаарал татсан асуудал нь коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл байдаг. Халдвар авсан хүний тоо болоод дархлаажуулалтын мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өглөө. Тэрбээр "Вакцинжуулалтын мэдээг өдөр тутамд гарган, анализ хийж ажилладаг. Өнгөрсөн тавдугаар сард дархлаажуулалт хамгийн өндөр хувьтай байсан. Арваннэгдүгээр сарын 28-ны байдлаар нийслэлийн хүн амын зорилтот бүлгийн 31.1 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байна. Өнгөрсөн долоо хоногт 5150 хүн вакцины нэмэлт тунд хамрагдсан. Нэмэлт тунгийн дархлаажуулалт наймдугаар сарын 18-нд анх эхэлсэн бөгөөд иргэдийн идэвх сүүлийн өдрүүдэд сэргэж байна. 25 их, дээд сургуулийн 4541 оюутан, 156 байгууллагын 156.184 хүн, гэрээр 21.066 хүнийг явуулын баг очиж дархлаажуулсан. Түүнчлэн томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж буй түр цэгүүдэд 18.214 иргэнийг дархлаажуулаад байна.
Өнөөдрөөс эхлэн 75 их, дээд сургуульд 38 явуулын баг, 172 суурин цэг, 15 худалдааны төвд түр цэг, нийт дархлаажуулалтын 227 багт 982 эмч мэргэжилтнүүд ажиллана.
Халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 715 бүртгэгдэж, эмнэлэгт 2994 хүн хэвтэн эмчлүүлж байлаа. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд хүнд, нэн хүнд хүний тоо буурахгүй байна гэв.
Түүнчлэн шинэ төрлийн вирус өнөөдрийн байдлаар гурван тивийн 7-8 улсад бүртгэгдсэн. Хамгийн сүүлд ОХУ-д Египетээс ирсэн хүнээс илэрсэн болохыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга мэдээлээд, нэмэлт дархлаажуулалтыг эрчимтэйгээр хийж байгаагаа онцлон өгүүлсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.