IWFCI монгол байгууллага нь Соёлын бүтээлч сар аяны хүрээнд өнөөдөр “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ”, “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ- ЭКСПОРТЫН СОРИЛТ БОЛОМЖУУД” салбар хэлэлцүүлэг, уулзалтыг Соёлын Яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Филармонид зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсад болон Монгол улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах, салбарын хүний нөөцийг чадавхижуулах, экспортын гарцыг нэмэгдүүлж төрөлжүүлэх, олон улсын байгууллагуудтай стратегийн түншлэл тогтоох, тэгш, хүртээмжтэй оролцоог хангах зэрэг өргөн хүрээний ажлын эхлэл болох энэхүү уулзалт, хэлэлцүүлэгийн зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Монгол Улсын хувьд Соёлын яам өдгөө соёлын салбарыг 12 чиглэлд хуваан авч үзэж буй. Тэдгээр нь өв соёл, утга зохиол, дүрслэх урлаг, дуу хөгжим, тайзны урлаг, кино, дуу дүрс, хэвлэл мэдээлэл, архитектур, хувцас загвар, дизайн, дижитал инновац, контент, маркетинг, коммуникац юм. Товчхондоо, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг нь дээрх салбаруудын хөгжил, эргэлтийг эрчимжүүлж, инновацыг дэмжихийг хэлэх билээ. Манай улсын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт 5600 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 33 мянга гаруй хүн ажилладаг байна. Тэдний 71 хувь нь буюу 24 мянга гаруй нь 15-39 насны залуус аж.
Соёлын бүтээлч үйлдвэрлэл манай улсын ДНБ-ий 1.3 хувийг бүрдүүлдэг нь олон улсын дунджаас нэлээд доогуур үзүүлэлт. Дэлхийн хэмжээнд энэ хувь 6.1-ээр хэмжигддэг бөгөөд БНХАУ-д л гэхэд ДНБ-ийнх нь дөрвөн хувийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарууд бүрдүүлдэг. Европын холбоонд гэвэл энэ тоо 5.3 хувьд хүрнэ. Соёлын сайд Ч.Номин "ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар дэлхийд соёлын салбарыг 2.2 их наяд доллар буюу 29 сая хүнийг ажлын байраар хангаж буй том зах зээл гэж тодорхойлсон. Дэлхийн экспортоор харьцуулбал уул уурхайгаас 6.4 дахин том импортын салбар юм. Иймээс бид Монголын уул уурхай тогтвортой байгаа энэ үед ирээдүйн импортын салбарыг бойжуулах шаардлагатайг харуулж байна хэмээн салбарын ирээдүйг тодорхойлсон нь бий. Өнгөрсөн долоодугаар сард манай улс Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан нь энэ салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах цаг үе ирснийг баталсан гэлтэй. Соёлын салбартай холбоотой бүхий л харилцааг төрийн зүгээс хэрхэн зохицуулах тусгасан Соёлын тухай хуульд 15 жил өөрчлөлт оруулаагүй байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.