Коронавирусийн шинэ хувилбар болох "B.1.1.529" буюу "Омикрон" хурдацтай тархаж байгаа энэ үед дэлхийн улс орнууд аялал жуулчлалын хязгаарлалтыг хэрэгжүүлэх эсэхээ яаралтай шийдвэрлэж, нэгдсэн дүрэм журмыг тогтоох хэрэгтэй гэж НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тэргүүн Зураб Пололикашвили мэдэгджээ.
ДЭМБ-аас энэхүү шинэ хувилбарын үр нөлөөг ойлгохын тулд хэдэн долоо хоног шаардагдана гэж мэдээлсэн бөгөөд улс орнуудыг аялал жуулчлалын хязгаарлалтаа яаравчлан өөрчлөх хэрэггүй гэж сэрэмжлүүлсэн билээ.
Гэвч Пололикашвили энэ талаар "Улс орнуудын шийдвэр ДЭМБ-ын зөвлөмжөөс шалтгаална, гэхдээ миний зөвлөмж бол долоо хоногийн дараа биш, харин өнөөдөр шийдвэр гаргах явдал юм. Хэрэв шинэ хувилбар бидний тооцооллын дагуу тархсаар байвал хэдэн долоо хоногийн дараа гэхэд хэтэрхий оройтож, хязгаарлалт тавих нь утгагүй зүйл болно" гэж "Ройтерс" агентлагт ярьжээ.
Тэрээр мөн Европын Холбоог үлгэр жишээ үзүүлж, жуулчдыг төөрөгдүүлэхгүйн тулд нэгдсэн дүрэм журам тогтоох ёстой хэмээн онцолжээ.
Одоогийн байдлаар дэлхийн улс орнуудын дөрөвний нэг нь аялал жуулчлалын хязгаарлалттай хэвээр байгаа бөгөөд тэдний 21 орчим хувь нь жуулчдыг огт хүлээж авахгүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.