Швед улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болжээ. Гэвч анхны эмэгтэй Засгийн газрын тэргүүн томилогдоод нэг хоног ч өнгөрөөгүй буюу 12 цаг орчмын дараа огцорсон байна.
Социал Демократ намын дарга 54 настай Магдалена Андерссон эвслийн Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдад томилогдсон боловч эвслийн Засгийн газар бутарснаар үүрэгт ажлаасаа огцорсон байна.
Парламентад танилцуулсан төсөв батлагдаагүй тул Ногоон нам нэрээ татаж, улмаар эвслийн Засгийн газар бутарсан байна. Парламент сөрөг хүчний танилцуулсан төсөвт илүү өндөр санал өгчээ.
Хэдийгээр Засгийн газар бутарсан боловч хатагтай Андерссон намаа удирдаж, өөрийн намаас дахин Ерөнхий сайд болж чадна гэдэт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Швед улсын Үндсэн хуулийн дагуу эвслийг бүрдүүлж байсан нам гарахад Засгийн газар огцрох ёстой ажээ.
Магдалена 16 настайгаасаа Социал Демократ намд хүчин зүтгэж, улс төрийн карьераа 1996 онд Ерөнхий сайд асан Горан Перссоны улс төрийн зөвлөхийн ажлаар эхлүүлж байжээ. Энэ сарын 4-ний өдөр намын даргаар сонгогдох хүртлээ долоон жилийн турш сангийн сайдыг албыг хашсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.