Монгол улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Н.Сувд нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Монгол улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор, Монгол Улсын гавьяат жүжигчин, ЗУХ-ийн дарга Б.Жаргалсайханыг “Ардын жүжигчин” цолоор, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор, жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг “Гавьяат жүжигчин” цолоор, УБХ-ийн дарга, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарыг “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор шагнасан юм. Тэдний баярын сэтгэгдлийг сонслоо.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва:
-Сэтгэл маш өндөр байна. Төрдөө үнсүүлээд гараад ирэхэд төрсөн нутгийнхан минь /Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын уугуул.Сур/ хүлээн авлаа. Сэтгэл хөөрөхөөс гадна бодож тунгаах юм маш их байна. Намайг таньдаг болон таньдаггүй бүх хүмүүсийн итгэл сэтгэлийг даах хүний ноён нуруутай явъя даа л гэж хэлэх байна. Нийт үзэгчид сонсогчид та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Бие эрүүл, ухаан саруул, сэтгэл уужим, зүтгэл шулуун байж үйлс буян дэлгэрэхийн ерөөл өргөе.
Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаяр:
-Хань минь хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан нь манай соёл урлагийн алтан үеийнхнээс залуу үедээ ээлжээ хүлээлгэн өгдөг байсны нэгэн жишээгээр өнөөдөр Драмын театрт Г.Гомбосүрэн гуай, Ц.Гантөмөр гээд Хөдөлмөрийн баатрууд байсан. Одоо шинэ, дараагийн үеийнхнээс Н.Сувд, П.Цэрэндагва зэрэг Хөдөлмөрийн баатрууд төрөн гарч байна. Ингэж өв залгамжлуулж, түүхийн уламжлал үргэлжилж улам олон уран бүтээлчид шагнагдах байх гэж бодож байна. Энэ бол монголын ард түмэнд соёл урлагийн хөгжлийн үр дүн харагдаж байна гэж бодож байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Сувд:
-Үзэгч та бүхэнгүйгээр театр оршин тогтнохгүй. Театрт ажиллаж байгаа, дэлгэцийн бүтээлд хамт ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. Тэд наргүйгээр бид юу ч биш. Тийм учраас энэ бол та бидний хамтын хөдөлмөрийн хүч. Бүгдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар:
-Театрын түүхт 90 жилийн ойтой давхцаад, мөн 43 насны төрсөн өдрөөрөө энэхүү шагналыг хүртсэндээ үнэхээр баяртай байна. Үзэгч түмэндээ баярлалаа. Хань ижил, ээж аав, ажлын хамт олондоо баярлалаа. Үнэхээр сайхан байна. Нийт драмын урлагт хайртай үзэгч та бүхэндээ туйлаас их баярлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.