Үзэсгэлэнд барилгын материал үйлдвэрлэгч үндэсний 30 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцож, бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж байна.
Монгол улс дотооддоо барилгын үндсэн гол нэр төрлийн 25 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тус салбарт үндэсний 400 гаруй үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Үзэсгэлэн энэ сарын 23, 24-ний өдрүүдэд “Хонхор” барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркт зохион байгуулагдаж байна.
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа: Барилгын материалын бараа, материалын ихэнх нь импортын бүтээгдэхүүн байдаг. Цар тахлын улмаас барилгын материалын үнэ ч өссөн. Харин энэ технологийн парк дээр монголд үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдийн ханган нийлүүлэлтийн форум болж байгаагаараа онцлогтой. Хил хаагдаж, тээвэр ложистикийн үнэ нэмэгдэж хүндрэлтэй байгаагийн улмаас барилгын материалын үнэд огцом өсөлт гарсан. Зарим барилгын материал 80-90 хувь, 3 дахин өссөн үзүүлэлттэй байгаа. Гэтэл дотоодод үйлдвэрлэж байгаа барилгын материалын үнэ дээд тал нь 4 хувийн өсөлттэй байгаа нь онцлог байна.
МУ-ын Засгийн газар, БХБЯ дотоодын үйлдвэрт ихээхэн анхаарч байна. Жишээ нь, Эрдэнэтийн ган хайлуулах үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцыг төрөөс дэмжиж ажиллаж байгаа.
Үндэсний үйлдвэрлэгчид дотооддоо томоохон үйлдвэр ашиглалтад оруулснаар цементийг дотоодоос 100 хувь хангаж байна. Өдийд энэ үзэсгэлэнг зохион байгуулж байгаа шалтгаан нь Монголд барилгын салбарын үйлдвэрлэлийн хугацаа маш богино буюу 4-9 сард байдагтай холбоотой.
“Топ продакт" компанийн дэд захирал Б.Уянга: Манай компани 2015 онд байгуулагдсан. Хуурай хольцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаад 3 сар болж байна. Бид энэ үзэсгэлэнд оролцож, хуурай бетоноо иргэдэд танилцуулж байна. Хил хаагдсан ч манай бүтээгдэхүүний түүхий эд дотоодод байдаг. Харин савлагаагаа татах хэрэгцээ үүсдэг. Үүнтэй холбоотойгоор цар тахал 2-3 хүчин зүйлээр нөлөөлж байна. Хил хаагдсан учраас савлагаагаа зохицуулах шаардлага гарсан. Үүнийг дагаад бүтээгдэхүүний өртөг болон хэрэглэгчдэд хүрэх үнэ нэмэгдсэн.
Байгуулагдсан цагаасаа хойш 4-5 удаагийн судалгаа хийж үзэхэд бетоныг маш их хэмжээгээр савладаг бас хол газар борлуулдаг учраас иргэд өөрсдийн хэмжээнд тааруулж хэрэгцээ хангаж чаддаггүй. Тэгэхээр зах зээл нь бетоныг хангаж чаддаггүй гэсэн үг. Харин манай компанийн гаргасан бүтээгдэхүүн иргэдэд ээлтэй, хэрэгцээтэй бүтээгдэхүүн болно гэж харж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийг 2009 онд баталсан. 10 гаруй жил болж байгаа ч амьдрал дээр өгөөжөө өгч хэрэгжихгүй байна. Хэрэгжихгүй байгаа шалтгаан нь үйлдвэр технологийн байгууллага байгуулагдлаа гэдэг ч үйл ажиллагаа нь тодорхойгүй, сураг тасардаг. Энэ нь хууль эрх зүйн зохицуулалт, төрийн уялдаа холбоогүй шийдвэр нөлөөлж байна гэх дүгнэлт гарсан. Тэгэхээр үйлдвэр технологийн паркийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыгн талаар ЗГ-аас санал авахаар явж байна. УИХ-аар батлуулах бодолтой байна. Энэ хуулиар импортыг орлох болон монголд үйлдвэрлэж чадахгүй байгаа малын дайвар бүтээгдэхүүн, нүүрс, зэс зэргийг яаж дотооддоо үйлдвэрлэж, гадагшаа гаргах тухай шийдвэрлэнэ. Энэ паркийн зам талбай, дулаан, цахилгаан зэрэг дэд бүтцийг төрөөс дэмжинэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.