УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн тооцооллын багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Эрдэмтдийн зөвлөлөөс, коронавируст халдварын ирэх сарын төлөв байдал, урьдчилсан таамаг, анхны хувилбарыг танилцууллаа.
Бүрэн тун буюу нэг, хоёрдугаар тунг хийлгэсний дараа 6-8 сарын хугацаанд дархлаа сайн байгаа ч түүнээс дээш хугацаанд дархлаа буурч байгааг тогтоосон. Тиймээс нэмэлт 3 дугаар тун зайлшгүй шаардлагатайг эрдэмтэд зөвлөж байна.
Коронавируст халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд буурч байгаа нь вакцинжуулалтад хамрагдсаны үр нөлөө гэж үзэж байна. Тиймээс аль болох түргэн хугацаанд халдварыг бууруулахыг зорьж байгаа учир иргэдийг вакцины нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг зөвлөж байгаа юм.
Нөгөөтэйгүүр тухайн иргэн нэгдүгээр тун хийлгэсэн ч хоёрдугаар тунд хамрагдахгүй гурван сар болсон тохиолдолд огт вакцин хийлгээгүйтэй адил гэж үзэж байна.
Мөн эрдэмтдийн багаас хүчилтөрөгчийн үйлдвэрлэлийг өргөжүүлж, эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон бөгөөд эдгээр санал, зөвлөмжөө УОК-т танилцуулах юм.