Төв Америкийн Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле тус улсын Кончагуа галт уулын бэлд "Биткойн хот" байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Энэхүү хот нь биткойн буюу зоосыг илэрхийлэх дугуй хэлбэртэй байх бөгөөд Кончагуа галт уулын газрын гүний дулааны эрчим хүчийг ашиглан биткойн олборлох аж. Биткойн болон бусад криптовалютыг олборлох нь зардал ихтэй, ярвигтай ажил бөгөөд их хэмжээний эрчим хүч зарцуулдаг билээ.
Сальвадор нь өнгөрөгч 9 дүгээр сард биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгосон дэлхийн анхны улс болсон ба уг төслийг санхүүжүүлэхэд мөн криптовалют ашиглах юм.
Ерөнхийлөгч Букеле шинэ төслийнхөө талаар танилцуулах үеэрээ "Хотод орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээ, музей, үзвэр үйлчилгээ, баар, ресторан, нисэх онгоцны буудал, боомт, төмөр зам зэрэг биткойнд зориулагдсан бүх зүйл байх болно" хэмээн тэмдэглэжээ. Түүнчлэн тус хотод орлогын албан татвар ногдуулахгүй, зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.