Дэлхий даяарх коронавирусийн халдварын тархалт буурч, эпидемиологийн таатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүмүүс цар тахлын эсрэг вакцинжуулалтад жилд нэг удаа хамрагдах ёстой гэж ОХУ-ын Гамалейн үндэсний судалгааны хүрээлэнгийн Дэд захирал Денис Логунов мэдэгджээ.
Тэрээр өнгөрөгч ням гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ "Эпидемиологийн өсөлтгүй нөхцөл бий болох үед бид жилд нэг удаа вакцин тарих боломжтой бөгөөд үүнийг зөвлөж байна" хэмээн тайлбарласан байна.
Түүний хэлснээр, коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тун үр дүнтэй болох нь нотлогдсон бөгөөд цаашид энэхүү бодлогыг баримтлахыг дэлхийн тэргүүлэгч зохицуулагч байгууллагуудад зөвлөж байгаа аж.
Одоогийн байдлаар олон улсад нийт 257.2 сая хүн цар тахлын халдвар авч, 5.1 сая гаруй хүн нас бараад байгаа билээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.