Монголын урчуудын эвлэлийн хороо /МУЭХ/-ны ээлжит хурал энэ сарын 12-ны өдөр болж өндөрлөжээ. Тус хурлаар хорооны шинэ ерөнхийлөгч, ТУЗ-ийн гишүүдээ сонгосон байна. МУЭХ-ны ерөнхийлөгчид зураач А.Чадраабал, С.Чулуунбаатар, П.Ганбат нар нэрээ дэвшүүлснээс П.Ганбат /МУЭХ/-ны шинэ ерөнхийлөгчөөр томилогджээ. Гэтэл П.Ганбатыг Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ шаардагдах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэж буруутгаж байгааг бид өөрөөс нь тодрууллаа.
Тодруулбал, Түүнийг 1994-1997 онд СУИС-ийн уран зургийн ангид суралцаж байсан ч, төгссөн дипломгүй, эзэмшсэн мэргэжилгүй. Дүрслэх урлагийн “Анима” гэх сургуулийг төгссөн гэсэн ч мэргэжлийн диплом нь бүртгэлийн дугааргүй байсан. Мөн ХБНГУ-ын Хумболдтын их сургуульд урлаг судлаачаар суралцаж байсан хэмээн герман хэл дээр хоёр баримт өгсөн нь мөн адил хуурамч гэх утга бүхий мэдээлэл гарсан. Тиймээс бид МУЭХ-ны ерөнхийлөгч П.Ганбаттай холбогдож уг асуудлыг тодрууллаа.
МУЭХ-ны ерөнхийлөгч П.Ганбат:
-МУЭ-ийн хорооны 17 дугаар их хурал энэ сарын 12-ны өдөр болсон. Хурал болохоос хоёр хоногийн өмнө нэр дэвшигчид П.Ганбатын бичиг баримтуудыг шалгана уу хэмээн хяналтын зөвлөлд хандсан байсан. Тус асуудлаар удирдах зөвлөл, хяналт, хурлын зөвлөл, нэр дэвшсэн хоёр хүн, миний бие оролцсон хурал хийж, шалгасан. Шалгалт хийж үзээд "хуулийн дагуу, асуудалгүй" гэдэг нь нотлогдоод, намайг нэр дэвшигчээр хэвээр үлдээж, сонгууль хийлгэсэн.
Мөн П.Ганбатын аттестатын дор Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэдийн гарын үсэг байсан нь нэрт зураачийн мутрыг хуурамчаар зурсан нь баригдсан гэх мэдээлэл нь ташаа. Ц.Цэгмэд гуайн хувьд андуурсан байсан... гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.