Дэлхийн хэмжээний од дуучин Жастин Биебер ирэх сард Саудын Араб улсад тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж байна. Тэрээр Жедда хот дахь анхны “Формула 1”-ийн Гран При дээр тайзан дээр гарах уран бүтээлчдийн жагсаалтад багтжээ.
Гэвч гурван жилийн өмнө Турк улсад алагдсан Саудын Арабын сэтгүүлч Жамал Кашоггийн бэлэвсэн сүйт бүсгүй Хатиже Женгис ил захидал бичиж, Биеберийг Саудын Арабын тайзан дээр тоглохгүй байхыг уриалсан байна. Кашоггийн аллагад Саудын Арабын эрх мэдэлтнүүд холбогдсон ба угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салманыг аллагыг захиалсан хэмээн сэрдсээр ирсэн юм.
Кашогги бусдын гарт амиа алдахаасаа өнө Хатиже Женгистэй сүй тавьж, хуримаа хийх гэж байжээ. Гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэхээр Истанбул дахь Саудын Арабын элчин сайдын яам руу орсон боловч эргэж гарч ирээгүй юм. Хатиже ил захидалдаа “миний хайрт Жамалыг хороосон алуурчдын өмнө битгий дуулаач. Нэр хүнд, авьяас чадварыг буруу зүйлд ашиглаж чадахгүй гэдгийг харуулах ховор боломж” хэмээн бичжээ.
Түүнчлэн Human Rights Watch хүний эрхийн байгууллага 12 дугаар сарын 5-ны өдөр “Формула 1”-ийн уралдаан дээр дуулах Биебер, Асап Роки, Дэвид Гуэтта, Жэсон Деруло нарыг тоглолтоо цуцлахыг уриалсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.